top of page

Олон улсын Сонгууль ажиглах хорооны тэргүүнтэй уулзаж санал хүсэлтээ илэрхийллээ


Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр өнөөдөр/2021-05-31/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг ажиглах Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Ардчилсан институт, хүний эрхийн газрын Сонгууль ажиглах тусгай хорооны тэргүүн Лолита Чигане болон Улс төр шинжээч Мауро Калво нартаа уулзлаа.

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр 2020 оны УИХ, орон нутгийн сонгуулийн дүнд хууль бусаар нөлөөлсөн байж болзошгүй хэрэг одоог хүртэл үнэн зөвөөр шийдэгдээгүй байгааг хэлээд энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд энэ хууль бус үйлдэл давтагдах магадлалтай байна. Энэ асуудалд Сонгуулийн ажиглах хороог анхаарч ажиллаасай гэж хүсэж буйгаа илэрхийлсэн юм.

Сонгуулийн ажиглах хорооны тэргүүн Лолита Чигане Ерөнхийлөгчийн сонгуульд ажиглагчаар оролцохдоо ардчилсан сонгуультай холбоотой олон улсын хэм хэмжээ, үндэсний хууль тогтоомжтой хэрхэн нийцэж буй эсэхийг ажиглан үнэлэлт дүгнэлт өгч, зөвлөмж гарган, ажиглалтын тайлангаа олон улсад нээлттэй танилцуулж ажиллана гэлээ. Мөн Сонгуулийн ажиглах хорооны тэргүүн Лолита Сигане нэр дэвшигч С.Эрдэнэтэй ирэх зургадугаар сарын 03-ны өдөр уулзах цаг товлолоо.


АИХЭГ-аас Сонгууль ажиглах тусгай хороог энэ сарын 25-наас эхлэн Улаанбаатар хотноо байгуулан ажиллуулж эхэлсэн бөгөөд Тусгай хорооны бүрэлдэхүүнд Сонгууль ажиглах хорооны дэд тэргүүн Жилл Сафи, сонгуулийн шинжээч Марцела Маскова, хуулийн шинжээч Рената Тардиоли, улс төрийн шинжээч Мауро Калво, хэвлэл мэдээллийн шинжээч Пьетро Тесфамариам, сонгуулийн зөвлөх Кеара Касталдо нарын олон улсын шинжээч мэргэжилтнүүд багтаж байна. Эдгээр шинжээчид нь Латви, Франц, Итали, Чех, Испани, АНУ-аас ирж ажиллаж байгаа юм байна.


Comments


bottom of page