top of page

С. Эрдэнэ: Сум баг хороодод улс төрийн намын салбар байгуулахыг хязгаарлана

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ Хөвсгөл аймгийн иргэд сонгогчидтой энэ сарын 28-ны өдөр уулзаж “ХУВЬ ХҮНИЙ ЭРХИЙГ ДЭЭДЭЛСЭН АРДЧИЛСАН МОНГОЛ” мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.

Тэрбээр хэлсэн үгэндээ Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа бол Ардчилал юм хэмээн онцлоод “ Өнөөдөр засаг захиргааны анхан дунд шатанд хоосон улс төржилт газар авч, талцал хуваагдал бий болсон. Үүнийг засч залруулахын тулд сум, баг хорооны төвшинд улс төрийн намын салбар, нэгж байгуулахыг хязгаарлах, эрх зүйн орчныг бүрдүүлэх бодлого боловсруулна” гэсэн юм.

АН-аас МУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С. Эрдэнийн мөрийн хөтөлбөр үндсэн зургаан зорилтыг дэвшүүлсэн. Иргэн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй , Монгол Улсын хууль дарга нарт бус иргэдэд зориулагдсан, тэдэнд үйлчилдэг байх, төрийн эрх мэдлийг хязгаарлаж, иргэдийн эрхийг улам нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана хэмээн тусгасан нь иргэдээс ихээхэн үнэлгээ аваад буй юм. Мөн батлан хамгаалах салбарыг шинэчлэн чадавхижуулах, мэргэжлийн арми иргэний хамгаалалтын хосолмол бодлогыг хэрэгжүүлнэ гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан тухайгаа Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзах үеэрээ хэллээ.


Хоймор нутгийн иргэд хүний эрх, эрх чөлөө бидэнд ус агаар мэт чухал гээд ардчилсан ерөнхийлөгчөө дэмжихийг уриалж байсан юм.

Хөвсгөл аймгийн иргэн А.Цогзолсүрэн:

Ардчилал гэж юу юм бэ,ардчиллын эрх ашгийг яаж хамгаалах ёстой вэ, анх ардчилал бий болсныг үнэн утгаар нь хөгжүүлж чадаж байна уу гэдэгт иргэд бид ихээхэн санаа зовж байна. Өнөөдөр Монголын нийгэм ардчиллын жинхэнэ мөн чанарыг ардчилал гэсэн нэрийн цаана завхруулж буйд хүн бүр дургүйцлээ илэрхийлж байна.

Хөвсгөл аймгийн иргэн Э.Түвшин:

Ардчиллын мөн чанарыг хадгалж, хамгаалж эрх чөлөө шударга байдлыг бид авч үлдэж чадна. Энэ үйлийн төлөө зоригтойгоор тэмцэж чадах хүн бол С.Эрдэнэ нэр дэвшигч юм. Залуусаа сонголтоо зөв хийгээрэй гэж уриалж байна.

Коментари


bottom of page