top of page

Хэнтий,Дорнодчууд Ардчилсан сонголт хийхээ илэрхийллээ


Монгол улсын ерөнхийлөгчийн 2021 ээлжит сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Содномзундуйн Эрдэнэ өнөөдөр буюу энэ сарын 25-ны өдөр Хэнтий, Дорнод аймгийн иргэд сонгогчидтой уулзаж “Хувь хүний эрхийг дээдэлсэн Ардчилсан Монгол” мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.

Тэрээр хэлэхдээ,


“Монгол Улсын хөгжлийн үндсэн бодлого бол газар нутгийн бүрэн бүтэн байдал. Үүнийг хэрэгжүүлэх цорын ганц алхам нь хөдөө, орон нутгийн хөгжил юм. Иймд төв суурин газрын нягтралаас хөдөө орон нутгийн тэлэлт рүү чиглэсэн бодлого баримтална.

Мөн орон нутгийн хөгжилд тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн олборлолт, үйлдвэрлэлтийн үр өгөөж нутгийн иргэдэд төдийлөн сайн хүрдэггүй. Иймээс ард иргэд тухайн орон нутгийн уул уурхайн хөгжлөөс шударга үр ашгийн хуваарилалт хүртэх бололцоогоор хангахад анхаарахын зэрэгцээ хөдөөгийн малчин, тариачин ард түмний эдийн засагт шууд оролцох худалдааны дэд бүтцийг холбохоор мөрийн хөтөлбөртөө тусгасан” гэлээ.

Уулзалтад хүрэлцэн ирсэн Хэнтий аймгийн иргэд сонгогчид Ардчилсан ерөнхийлөгчтэй болох сонголт хийхээ илэрхийлээд хөдөө орон нутагт эдийн засгийн нээлттэй бодлого баримталж, жижиг дунд бизнес эрхлэгчдийг бүх төрлийн татвараас чөлөөлөх санаачлагыг ихэд сайшааж буйгаа хэлж байсан юм. Мөн энэ үеэр Хэнтий аймгийн залуу малчин Т.Намхайдорж нэр дэвшигч С.Эрдэнэд ялалт амжилтыг бэлгэдэн Цагаан унагатай гүү бэлэглэлээ.

“Дарангуйлалгүй-Монгол, Ардчилсан-Монгол” уриалгыг уухайлан дэмжсэн Дорнодчууд нэр дэвшигч С.Эрдэнэд Ардчилсан нам хүчтэй байх ёстойг сануулаад , Сонгуульт ажлын өмнө намын дотоод маргаан хуулийн дагуу шийдэгдсэнд баяртай байгаагаа илэрхийлсэн юм.



Comments


bottom of page