top of page

Нэр дэвшигч С.Эрдэнэ үнэмлэхээ гардаж сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэллээ


Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Содномзундуйн Эрдэнэ өнөөдөр Сонгуулийн ерөнхий хорооноос үнэмлэхээ гардан авлаа. Ингэснээр сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлж байгаа юм.

Үнэмлэхээ гардсаны дараа Ялалтын талбайд нээлтийн арга хэмжээ болж иргэд дэмжигчдэдээ товч мэдэгдэл, уриалга дэвшүүлсэн юм. Энэхүү нээлтэд Ардчиллын анхдагч партизанууд, намын журмын нөхөд болон гишүүд дэмжигчид оролцлоо.


Нэр дэвшигч С.Эрдэнэ

"Өнөөдрийн сонгууль бол туйлын хариуцлагатай сонгууль. Хэн нэгэн хувь хүнийг сонгох биш Монголын төрийг тогтвортой, аливаа эрсдэлгүй байх сонголтыг хийнэ. СЕХ Ерөнхийлөгчийн сонгуульд хариуцлагатай хандана гэдэгт итгэж байна. 2020 оны УИХ-ын сонгуулийн үеэр төрийн эрхийг хууль бусаар авах гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шударга иргэдийн зүгээс нотлох баримт мэдээллийн хамт гаргаж тавьж байгаа. Энэ үйлдэлд СЕХ хариуцлагатай хандана гэдэгт итгэж байна.

Миний хувьд, АН-ын өмнө үүрэг хариуцлага хүлээж байгаа хүний хувьд 200 гаруй гишүүнийхээ итгэл сонголтыг хүндэтгэж, Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох шийдвэрээсээ татгалзахгүй гэдэг байр сууриа илэрхийлсэн. СЕХ хууль дээдлэх үүргээ шударгаар биелүүлнэ гэж итгэж байгаа учраас нэрээ дэвшүүлсэн. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр 2020 онд гарсан байж болзошгүй гэмт хэргийн шинжтэй үйлдэл гарахгүй гэдэгт итгэж байна. Өмнөх сонгуулийн үед байгаагүй хяналтын тогтолцоог нэвтрүүлсэн учир сонгуульд оролцохоор шийдсэн.

Аль нэг улс төрийн нам, хэн нэгэн албан тушаалтны нөлөөнд автах биш, хуулиа дээдэлж ажиллаасай гэж хүсэж байна" гэлээ.

Дашрамд дуулгахад нэр дэвшигч С.Эрдэнийн сонгуулийн сурталчилгааны уулзалт маргааш Хэнтий, Дорнод аймгуудаас эхэлнэ. Ардчиллыг дэмжигч нийт сонгогч түмэнд та бүхнийг Ардчилсан сонголт хийхийг уриалж байна.


АРДЧИЛАЛ, ЭРХ ЧӨЛӨӨ, ТУСГААР ТОГТНОЛОО АРДЧИЛСАН СОНГОЛТООР БАТАЛГААЖУУЛЪЯ.









Comments


bottom of page