top of page

Ардчилсан намын дарга М.Тулгат гишүүд дэмжигчдэдээ илгээж буй захидал





Ардчилсан намын нийт гишүүдэд


Хүний эрх, эрх чөлөө, хуулийн засаглал, хүнлэг ардчилсан нийгмийн үзэл санааг тээгч, үнэт зүйлийг нь хамгаалагч нь болсон эрхэм журмын нөхөр таны амрыг эрэн, мэндчилж байна.


Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох нэн хариуцлагатай үе хаяанд ирсэн хэдий ч Ардчилсан намд үүссэн ойлгомжгүй байдал өнөөг хүртэл үргэлжилсээр байгаа нь намын мянга мянган жирийн гишүүдийг бухимдуулж, сэтгэлийг чилээсээр байна. Үүнээс үүдэх цаашдын үр дагаварт миний бие санаа зовниж, энэхүү захидлыг танд хүргүүлж байна.


УИХ-ын ээлжит сонгууль дууссаар 1 жилийн нүүр үзэх гэж байгаа өнөөдөр ч бид намаа эмхлэн зохион байгуулах нь бүү хэл өнгөрсөндөө олигтойхон дүгнэлт ч хийж чадалгүй, талцаж мэтгэлцсээр өдийг хүрлээ. Харсаар байтал намын үнэт зүйлд халдсан, дүрэм бус ардчилсан бус арга барил, хуулиас давсан тохиролцоо газар авах шинжтэй. Шинэ үеийн удирдлагууд бид дотоод ардчилал, шударга ёсыг хангахын төлөө манлайлахаас өнөөг хүртэл зарим алдаа, гажуудлыг цааш үргэлжлүүлж болохгүй.


Хувь хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэсэн, хувийн хэвшлийг дэмжсэн, чадварлаг, цомхон төрийн төлөөх баруун төвийн үзэл баримтлал, бодлогоо сонгогчдод ойлгомжтой хүргэж, бүхнийг ялалтын төлөө зориулах түүхэн шаардлага АН-ын өмнө тулгараад байна. Нэг хүнд хамаг мууг нялзааж, нийтээр жигшүүлэх үндсэн дээр асуудлыг хүч түрэн шийдэхийг оролдох нь байдлыг улам хүндрүүлэх нь тодорхой. Манай дотоод тэмцэл дараалан ялагдсан бидний тамирыг улам бүр барсаар байна. Намын гишүүдийн оюун бодолд эргэлдэн хуйларч буй учир замбараагүй салхи шуургыг зогсоож, шийдлээ олох цаг нэгэнт болжээ.


Аль нам нь жинхэнэ, аль тамга нь хүчинтэй вэ гэх асуудал бол угтаа хууль журмын дагуу хариулт нь тодорхой, шийдэгдэх нь ердөө л цаг хугацааны асуудал юм. Харин журмын нөхөд бид бие бие рүүгээ учир утгагүй дайрч давшлах бус, бодит мэдээлэл дээр үндэслэн ул суурьтай дүгнэн цэгнэж, үнэн зөв ойлголттой болох нь цаг хугацаа тулсан энэ үед нэн чухал байна.


Ардчилсан үзэлт журмын нөхөд өө,

Өнөөдрийг хүртэлх зөрчлийн эх үндэс юу болох талаар товч хураангуйлан өгүүлье. 2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд АН-ын Үндсэн дүрмийн дагуу намын удирдлага даруй огцорсонд тооцогдсон. Намын дарга С.Эрдэнэ нь сонгуулиас хойш 90 хоногийн дотор намын их хурлаар шинэ даргыг батламжлах тухай Дүрэмд заасны дагуу намын шинэ даргыг сонгох сунгаагаа зохион байгуулж, 8 дугаар сарын 23-нд Их хурлаа хуралдуулахыг чиглэл болгосны үндсэн дээр дэд дарга Ц.Туваанд намын тамгыг түр шилжүүлэн өгсөн. Харамсалтай нь тамга хүлээн авсан дэд дарга сунгааг зохион явуулж, хугацаанд нь их хурлаа хуралдуулаагүйгээр барахгүй, дүрмээр олгогдоогүй эрх үүргийг хэрэгжүүлж эхэлсэн нь өнөөдрийн энэ нөхцөл байдалд хүргэснийг шударгаар хэлэх нь зүйтэй. Тамга хүлээн авсан дэд дарга ч дүрмийн дагуу огцорсонд тооцогдоод байгаа тул намыг төлөөлөх эрхийг хэн хэрэгжүүлэх нь ойлгомжгүй болсон тул Үндсэн дүрмийн хороо авч хэлэлцээд 2020 оны 7-р сарын 3-ны өдөр гаргасан тогтоолдоо “намын дарга нь шинэ сонгогдсон намын даргад эрх үүргээ шилжүүлнэ” гэж тайлбарласнаар дүрмийн мухардлыг арилгасан байдаг.


Өнгөрсөн хугацаанд харилцан бие биеэ үгүйсгэсэн олон янзын тайлбар, байр суурь байсан хэдий ч эцсийн бүлэгт Ардчилсан намыг төлөөлөх эрхзүйн чадамжтай субъект нь хэн бэ гэдэг нь асуудлын гол зангилаа байлаа. Дээр дурдсан дүрмийн тайлбар, Үндсэн дүрмийн хорооны тогтоолоос гадна, хүчин төгөлдөр хэвээр байгаа Улсын дээд шүүхийн 2017 оны 3-р сарын 15-ны өдрийн 01 тоот тогтоол, Ардчилсан намын улсын бүртгэлийн гэрчилгээн дээрх тэмдэглэл зэрэг нь зангилааны учиг буюу асуудалд өгөх бүрэн дүүрэн тайлбар юм.


Харамсалтай нь, нөгөө талд байгаа хэсэг бүлэг нөхдүүд сошиал орчин дахь нөлөөллийн технологи, хэвлэл мэдээллийн гэрээт байгууллагуудыг ашиглахаас гадна, “Ардчилсан нам” пэйж хуудас, УИХ дахь “Ардчилсан намын бүлэг” пэйж хуудас, “Монголын Ардчилсан Холбоо” пэйж хуудас зэрэг олон мянган гишүүд, иргэд дагадаг мэдээллийн сувгуудын админ эрхийг барьсан, зуны сонгуулиас хойш орон нутгийн намын байгууллагуудыг удирдлагаар хангаж ажиллаж байсан зэрэг давуу талаа ашиглан ташаа мэдээллийг зай завсаргүй цацаж, үзэл суртлын аргаар жирийн гишүүдийг өнөөдрийг хүртэл төөрөгдүүлсээр байна.


Бидний хувьд асуудал нэгэнт хууль номын дагуу шийдэгдэх нь тодорхой тул хүлээцтэй, хандаж, эвийн аргаар зохицуулах гэж өнгөрсөн хугацаанд хичээж ирлээ. Гэхдээ эв зүйгээ олно гэдэг нь хууль, дүрмийн дагуу аль нь зөв бэ гэдгээ шүүн хэлэлцэж, нэгдсэн ойлголттой болж, улмаар цаашид хэрхэхээ шийдэх явдал юм. Түүнээс биш, албан тушаал наймаалцах маягаар тохиролцох нь зарчимд үл нийцэх бөгөөд, хэрэв тийм байдагсан бол намын дүрэм гэж байх хэрэггүй биз ээ. Саяхан Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Эрдэнийг Сонгуулийн Ерөнхий хороо дээд шүүхийн тайлбарыг үндэслэн бүртгэж авсан, мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хурлаар тамгатай холбоотой маргаан нааштайгаар шийдэгдсэн зэрэг үйл явдал нь хууль ёсны бүртгэл удахгүй явагдаж, энэ бүхэн эцэс болохын баталгаа гэж үзэж байна.


Хэдийгээр дээд шүүхээс бүртгэлийн шийдвэр гарч, асуудал нэг талдаа гарлаа ч, бид хоорондоо нүүр тулан ярилцаж, хууль ёс, намын дүрмээ баримтлан өнөөгийн энэ хуваагдмал, унхиагүй байдлаа таягдан хаяж, нэг удирдлагатай, нэгдмэл улс төрийн хүчин болж намынхаа тугийн дор нэгэн зүгт тууштай хөдлөх ёстой. Учир нь улс төрийн намын амин сүнс нь цаасан дээрх бүртгэл, тамган дээрх дугаарт оршдоггүй, олон мянган гишүүдийн итгэл үнэмшил, он жилийн тэмцэл, хөдөлмөрт оршдог гэдэг нь тодорхой.


Өнөөдрийн зөрчил дээр тос нэмсэн бас нэг хүчин зүйл бол Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулсан дотоод сунгааны үр дүн гэдэг нь нууц бишээ. Сунгааг нэг дор явуулахын тулд бид нөгөө талд байгаа нөхдүүддээ боломжит саналууд тавьсаар байсан. Хатуу хөл хорионы нөхцөлд уламжлалт цаасан сонгууль явуулах нь техникийн хувьд боломжгүй учир цахим сонгуульд нэгдэхийг санал болгосон бидний хүчин чармайлт талаар болж, зарим орон нутаг болон нийслэлийн хэмжээнд “улаан” түвшний хатуу хөл хориотой байхад үүрийн дарга нар ганц биеэр саналын хайрцаг зөөж явсан, талуудын хяналт оролцоогүй, саналын нууцлалгүй, гишүүд саналаа өгөх боломж тэгш хангагдаагүй “цаасан сунгаа” явагдлаа.

Чингэхдээ, Үндсэн дүрэм зөрчин МАХН-ын гишүүн С.Ганбаатар (3.6.1.3 “...намаас төрийн сонгуульд нэр дэвшигч нь 6 сарын өмнө намд элссэн байна” гэх заалтыг зөрчсөн), бие даагч Н.Алтанхуяг (3.9.1.19 “...төрийн сонгуульд АН-аас нэр дэвшигчтэй бие даан өрсөлдсөн” хүнийг нэр дэвшүүлсэн) нарыг оролцуулсан нь хүлээн зөвшөөрч боломгүй үйлдэл байв. Ялангуяа, эдгээр улс төрчдийн үзэл баримтлал АН-ын баруун төвийн үзэл баримтлалаас хол зөрүүтэй нь олон жилийн үг, үйлдлээр нь нотлогддогийг дурдах нь зүйтэй.

Эцэстээ хоёр талд нийт 8 хүн нэр дэвшсэн сунгаа болж, нийт гишүүдийн санал тарж хуваагдсан нөхцөл байдал дунд хатуу дэмжигчидтэй, зохион байгуулалт сайтай, хөрсөн дээрээ сайн ажиллаж ирсэн нэр дэвшигч хамгийн олон санал авч ялалт байгуулдаг жишиг давтагдсан билээ. Намын даргын хувьд миний бие хэн нэгнийг зохион байгуулалттайгаар дэмжээгүй бөгөөд, дүрмийн хувьд ч, санал хураалтын хэлбэрийн хувьд ч тийм бололцоо байхгүй гэдгийг мэдэгдэж байна. Бидний баримтлах ёстой зүйл бол дүрэм болоод зарчим.


Эрхэм журмын нөхөд өө,


Энэ сонгуульд Ардчилсан нам ялах ёстой. Нэг нам парламентын үнэмлэхүй олонхийг бүрдүүлж, хууль шүүхийн байгууллагуудад нөлөөгөө тогтоож эхэлж байгаа энэ цаг үед Ардчилсан намаас нэр дэвшиж ялалт байгуулах Ерөнхийлөгч л Ардчиллын баталгаа байх нь эргэлзээгүй.


Ардчилсан намын гишүүдийг би хувь, хувьсгалын ажлаа эрсдүүлэн байж өөрсдийн хүч, зориг, тэмцлээр олж авсан ардчиллынхаа үнэт зүйлсийг хамгаалах их үйл хэргээс хэзээ ч ухрахгүй гэдэгт гүнээ итгэж байна. Сайн түүхээ сэргээж, саар муухай бүхнээ таягдан хаяж, нийгмийн өөрчлөлт шинэчлэлийн төлөө хэн нэгнээс авсан ухвар мөчид чиглэлийг хэрэгжүүлэх гэж хичээлгүй, буруу зөрүү мэдээлэлд авталгүй, асуудалд үнэт зүйл, үзэл баримтлалд суурилсан итгэл үнэмшлээ жанжин шугамаа болгож том зорилгынхоо төлөө ажиллаж тэмцэхийг намынхаа нийт гишүүдэд уриалж байна.


Ардчилсан Монгол Улсын сүүлийн 30 гаруй жилийн түүхийг бүтээлцэж ирсэн, цаашдаа ч ихээхэн үүрэг гүйцэтгэх учиртай Ардчилсан намын гишүүний хувьд та бүхэн хариуцлагаа ухамсарлан 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульдаа идэвхтэй хамтран ажиллахыг хүсэж байна.


Сайн үйлс дэлгэрч, саар бүхэн арилах болтугай.

Монголын ардчилал мөнх оршиг!


АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА М.ТУЛГАТ


2021.05.22

Comentários


bottom of page