top of page

2008 оноос эхлэлтэй АН-ын уламжлалт 4.11 уулзалт өнөөдөр боллоо


АН-ын дэд дарга Ц.Оюундарь: И.Мөнхжаргал, Ц.Туваан нарын явуулаад байгаа үйл ажиллагаа үргэлжлээд байвал эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл болно шүү

2008 оноос эхлэлтэй АН-ын уламжлалт 4.11 уулзалт өнөөдөр боллоо. АН-ын удирдлагын багт шинээр томилогдсон намын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн дэд дарга Ц.Оюундарь, Улс төрийн асуудал эрхэлсэн дэд дарга О.Чулуунбилэг, Үйлдвэржилтийн бодлогын асуудал хариуцсан дэд дарга Ч.Отгочулуу, Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан дэд дарга Ц.Алтанцэцэг, Улс төр, хамтын ажиллагааны асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Б.Гарамгайбаатар, Хуулийн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүү, Гадаад харилцаа, хэвлэл мэдээллийн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Д.Эрдэнэсувд, АН-ын хэрэг эрхлэх газрын дарга А.Цэрэнбат, Нийслэлийн АН-ын дэд дарга Д.Энхтуяа нар оролцсон юм. Энэ үеэр АН дижитал шинэчлэл хийж байгаагаа зарлав. Ардчилсан нам гуравдугаар сарын 17-нд намын дунд шатны намын дарга нар, Үндэсний бодлогын хорооны орон гарсан гишүүдийн нөхөн сонгууль, дөрөвдүгээр сарын 25-нд болох АН-ын даргын сонгуулийг анх удаа цахимаар явуулах юм. Уулзалтын үеэр АН-ын удирдлагын багийнхан сэтгүүлчдийн асуултад нээлттэй хариулсан юм. АН-ын дэд дарга О.Чулуунбилэг “Удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан Ерөнхийлөгч дахиад гарах ёстой. Ардчилсан Ерөнхийлөгчийг ялуулах сонгуулийн багийг дотооддоо бүрдүүлж, ажилдаа орсон” гэдгийг хэллээ. АН-ын хуулийн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүү “АН дөрөвдүгээр сарын 25-нд болох намын даргын сонгуулиа цахимаар явуулж, шинээр сонгогдсон намын даргаа Улсын Дээд шүүхэд бүртгүүлнэ. Нам мөнгөний сонгууль хийхгүй учраас цахим сонгууль хийх гэж байна” гэсэн юм. Харин АН-ын дэд дарга Ц.Оюундарь “АН-ын долдугаар Их хурлаас сонгогдсон С.Эрдэнэ даргатай АН, намын есдүгээр Их хурлаас хойших ямар ч Их хурал гэж байхгүй. Үүнээс өөр Их хурал яригдаж байгаа бол тэр нь дүрмийн бус, хууль ёсных биш. И.Мөнхжаргал, Ц.Туваан нарын явуулаад байгаа үйл ажиллагаа энэ хэвээрээ үргэлжлээд байвал эрүүгийн хуульд заасан гэмт үйлдлүүд болно шүү гэдгийг анхааруулмаар байна. Яагаад гэхээр байгууллагын тамга тэмдэг, албан бланкийг хуурамчаар хэрэглэх, албан тушаалын нэр хүндийг урвуулан ашиглах нь Эрүүгийн хуулиар зохицуулалддаг үйлдэл. Үүнийгээ санаасай гэж хүсч байна” гэв. АН-ын нарийн бичгийн дарга Б.Гарамгайбаатар Ардчилсан нам сөрөг хүчнийхээ байр сууринаас үйл ажиллагаа явуулах цаг болсон гэдгийг мөн хэллээ.





Commentaires


bottom of page