top of page

Баянгол дүүргийн тухай

ТҮҮХЭН ТОВЧООН 

1965 онд Улаанбаатар хотын засаг захиргааны үндсэн нэгж болох Сүхбаатар, Октябрь, Найрамдал, Ажилчин гэсэн 4 районыг байгуулсан бөгөөд Баянгол дүүргийн үүсэл хөгжил нь Октябрын район нэртэйгээр эхэлсэн. Улмаар Монгол Улсад ардчилал, шинэчлэл өрнөсөн 1990 оны эхээр Улаанбаатар хотын дүүргүүдийн засаг, захиргааны байгууллагуудын ажлын ачааллыг жигдлэх, үйлдвэрлэл, үйлчилгээний хэт төвлөрлийг сааруулах зорилгоор УИХ-ын 1992 оны наймдугаар сарын 18-ны өдрийн “Улаанбаатар хотын район, хороог татан буулгах, шинээр байгуулах тухай “ 18 тоот тогтоол батлагдсанаар Октябрийн районыг хоёр хувааж Баянгол, Сонгинохайрхан дүүрэг болгон шинээр зохион байгуулсан юм.

НУТАГ ДЭВСГЭР

Нийслэлийн Баянгол дүүрэг нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн нэг бөгөөд 2949 га газар нутагтай. Зүүн талаараа Чингэлтэй, Сүхбаатар, урд хэсгээрээ Хан-Уул, баруун болон хойд талаараа Сонгинохайрхан дүүрэгтэй хиллэдэг, газар нутгийн хэмжээ бага ч хүн ам ихээр төвлөрсөн дүүрэг юм.

ДҮҮРГИЙН ОНЦЛОГ

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт Монгол Улсын эрчим хүчний хамгийн том үйлдвэр болох ДЦС-4” ТӨХК,  “Дулааны хоёрдугаар цахилгаан станц” ТӨХК, Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн тулгуур болсон Монгол–Оросын хамтарсан ХНН “УБТЗ”,  улсын чанартай томоохон эмнэлгүүд болох ЭХЭМҮТ, Улсын гуравдугаар төв эмнэлэг, ГССҮТ ЭХЭМҮТ байдгаас гадна МҮОНРТ, UBS зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагууд мөн МҮСТО, Төмөр замын дуу бүжгийн чуулга зэрэг урлаг соёлын томоохон байгууллагууд, Монголын хамгийн эртний түүхэн дурсгалт газрын нэг болох Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд байрладаг юм.

Түүнчлэн Баянгол дүүргийг худалдаа, үйлчилгээний газрууд төвлөрсөн дүүрэг бөгөөд “Хархорин”, Барс” зах болон 3, 4 дүгээр хороолол дагасан худалдааны төвүүд үйл ажиллагаа явуулдаг юм.  

ЗАСАГ ЗАХИРГААНЫ НЭГЖ

Баянгол дүүрэг нь Засаг захиргааны анхан шатны нэгж болох 34 хороотой бөгөөд төрийн захиргааны болон үйлчилгээний байгууллагууд нь  төрийн үйлчилгээг иргэдэд хүнд сурталгүй, хурдан шуурхай, хүртээмжтэй хүргэн ажиллаж байна.

Баянгол дүүргийн ЗДТГ нь 11 нэгжтэй. Үүнд:

  • Төрийн захиргааны удирдлагын хэлтэс,

  • Санхүү төрийн сангийн хэлтэс,

  • Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэс,

  • Төлөвлөлт гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс,

  • Нийгмийн хөгжлийн хэлтэс

  • Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс,

  • Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс,

  • Цэргийн штаб,

  • Иргэдэд үйлчлэх төв

  • Аж ахуйн алба зэрэг багтана.

Мөн 25 харьяа хэлтэстэй бөгөөд үүнд Улсын бүртгэлийн хэлтэс, Татварын хэлтэс, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Эрүүл мэндийн төв, Цагдаагийн I, II хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс, Газар зохион байгуулалтын алба, Нийгмийн даатгалын хэлтэс, Худалдан авах ажиллагааны алба, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Хүүхэд, залуучуудын соёлын ордон,  Гэр бүл, ёслолын ордон, Албан бус-Насан туршийн боловсролын төв, Ахмадын хороо, Биеийн тамир, спортын хороо, Дотоод Аудитын алба, Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв, Онцгой байдлын хэлтэс, Статистикийн хэлтэс, Улаан заламгайн хороо, “Усан спорт сургалтын төв” ОНӨТҮГ, Хүүхдийн зуслан, “Баянгол цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ, “Баянгол Шинэ өргөө” ОНӨААТҮГ зэрэг орж байна.

Түүнчлэн дүүргийн нутаг дэвсгэрт 109 төсвийн байгууллага, долоон төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газар үйл ажиллагаа явуулж байна. 

ХҮН АМ, ӨРХ  

Баянгол дүүрэг нь 62.8 мянган өрх, 236.4 мянган хүн амтай. Газар нутгийн хэмжээ бага ч хүн амын төвлөрөл ихтэй. Мөн Баянгол дүүргийг залуусын дүүрэг гэж тодотгож болох бөгөөд дүүргийн нийт хүн амын 60.9 хувийг 35 хүртэлх насны залуучууд эзэлдэг юм. Дүүргийн хүн амыг насны байдлаар авч үзвэл:    

  • 0-18 насны хүүхэд 37.8 хувь (89442 хүн),

  • 19-59 насны хүмүүс 54.0 хувь (127556 хүн),

  • 60 ба түүнээс дээш өндөр настнууд 8.2 хувь (19387 хүн)-ийг тус тус эзэлж байна.

Түүнчлэн 2022 оны хүн амын шилжилт хөдөлгөөний үеэр дүүргийн нийт хүн амын тоо 240 мянгад хүрсэн гэсэн статистик мэдээлэл байна.

Мөн дүүргийн нийт өрхийн 82.7 хувь нь орон сууцны хороололд, 17.3 хувь нь гэр хороололд амьдардаг. Сууцны нөхцөлөөр авч үзвэл,

  • Нийтийн орон сууцанд 51532 буюу 82.1 хувь нь,

  • Бие даасан тохилог сууцанд 620 буюу 1 хувь нь

  • Байшинд 5839 буюу 9.3% хувь нь,

  • Монгол гэрт 4791 буюу 7.6 хувь нь амьдардаг байна.

ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ

Мөн Баянгол дүүрэгт татвар төлөлтөөрөө тэргүүлдэг томоохон хувийн хэвшлүүдээс гадна худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний томоохон зах, худалдааны төв, үйлдвэрүүд олноор үйл ажиллагаа явуулдаг. Хамгийн сүүлийн статистик мэдээллээр дүүргийн хэмжээнд нийт 35086 аж ахуйн нэгж, байгууллага бүртгэгдсэнээс 13347 (38.0%) нь үйл ажиллагаа явуулж байна. Үүнийг өмнөх онтой харьцуулахад бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллагын тоо 4327 (14.1%), үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын 1220 (10.1%)-оор тус тус өссөн үзүүлэлттэй байна.

БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГА  

Баянгол дүүрэгт 2021-2022 оны хичээлийн жилд төрийн өмчийн 20, төрийн бус өмчийн 28, нийт 48 сургууль үйл ажиллагаа явуулж байгаа ба нийт 1733 бүлэгт 56868 суралцагч хамрагдаж байна. Үүнээс бага боловсролын түвшинд 30814, суурь боловсролын түвшинд 18090, бүрэн дунд боловсролын түвшинд 7964 суралцагч байна. Мөн төрийн өмчийн сургуульд 2113, төрийн бус өмчийн сургуульд 508 нийт 2621 үндсэн багш ажиллаж байна.

ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГА  

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт улсын чанартай томоохон эмнэлгүүд болох ЭХЭМҮТ, Улсын гуравдугаар төв эмнэлэг, ГССҮТ, Хүүхдийн төв сувилал, Наркологийн эмнэлэг үйл ажиллагаа явуулдаг.

Мөн Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв нь ЭМЯ, НЭМГ, НЗДТГ, дүүргийн ЗДТГ-ын бодлого чиглэл, тушаал, шийдвэрүүдийг нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлэх, зохицуулах, хяналт тавих, хүн амд нийгмийн эрүүл мэнд, эмнэлгийн II дахь шатлалын тусламж үйлчилгээ болон харьяа дүүргийн хүн амд эмнэлгийн болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг амбулатори болон хэвтүүлэн эмчлэх хэлбэрээр үзүүлдэг юм.

Түүнчлэн засаг захиргааны анхан шатны нэгж болох 34 хороонд ӨЭМТ үйл ажиллагаа явуулдаг бөгөөд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг иргэдэд цаг алдалгүй хүргэж байна.

БИЕИЙН ТАМИР СПОРТЫН ХОРОО  

Баянгол дүүргийн Биеийн тамир, спорт хороо нь дүүргийн хэмжээнд спортын үйл ажиллагаа, өдөрлөг, тэмцээн уралдааныг жилийн төлөвлөгөө хуваарийн дагуу цэцэрлэг , сургууль, их дээд сургууль, коллеж, аж ахуй нэгж, харьяа хэлтэс, ахмадууд иргэдийн дунд зохион байгуулдаг. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү /линк холбох/

“УСАН СПОРТ СУРГАЛТЫН ТӨВ” ОНӨТҮГ

Усан спорт сургалтын төв нь идэвхтэй эрүүл амьдралын хэв маяг, нийтийн биеийн тамирыг түгээн дэлгэрүүлж, олон нийтэд үйлчилж, усан спортын ач холбогдлыг таниулан хөгжүүлэх, хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор байгуулагдсан. Тус төв нь одоогоор эмнэлгийн анхан шатны яаралтай тусламжийн бичил төв, чадварлаг багш дасгалжуулагчаас бүрдсэн сургалтын баг, захиргаа үйлчилгээний нийт 23 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байгаа юм.

bottom of page